“ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДАВ”

“ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДАВ”

Шинэ үеийн татварын тогтолцооны түүхээс…
1997 онд Газрын төлбөрийн тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн барьж батлуулан хэрэгжүүлэх ажлыг Сангийн яам, ҮТЕГ гүйцэтгэн зохион байгуулжээ. 4 дүгээр сарын 24-ний өдөр батлагдсан энэ хуулиар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн өмчийн газрыг эзэмшиж, ашигласны төлөө төлбөр ногдуулах, уг төлбөрийг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулав. Хуульд газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, газар ашиглаж байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүн газрын төлбөр төлөгч байна хэмээн заасан бөгөөд газрын суурь үнэлгээ, түүнийг тогтоох зарчим, төлбөр тооцох үзүүлэлт, төлбөрийн хувь, хэмжээ, төлбөр ногдуулах, төлөх, тайлагнах, төлбөртэй холбогдсон маргааныг хянан шийдвэрлэх, хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага зэрэг харилцааг зохицуулсан байна.